Эх сурвалж: https://medium.com/khul-anka
“Америкийн боловсролын систем” нийтлэлийн үргэлжлэл болгон K-12 боловсролыг хэрхэн эзэмших буюу Америкийн Ерөнхий Боловсролын сургуулиудын ялгааны талаар мэдээлэл оруулж байна.
Хамгийн эхний сонголт бол хүүхдээ сургуульд явуулах уу эсвэл гэрт нь сургах уу гэдэг сонголт нь эцэг эхчүүдэд нээлттэй. Америкийн сургуулийн насны хүүхдүүд буюу 5–17 насны сурагчдын 3–5 хувь нь гэрээр боловсрол эзэмшдэг буюу Home Schooled байдаг.Хүүхдээ сургуульд явуулах эсэх нь эцэг эхийн сонголт. Зарим өрх айл байнга нүүж шилждэг учраас хүүхдээ тогтсон нэг сургуульд оруулахын оронд гэрт нь сургахыг илүүд үздэг бол зарим нь ер нь л сургуулийн тогтолцоог дэмждэггүй, эсвэл бүр шашин шүтлэг нийгмийн үзэл бодол нийлэхгүй гэх зэрэг янз бүрийн шалтгаанаар хүүхэддээ гэрээр боловсрол эзэмшүүлэхийг илүүд үздэг. Энэ тохиолдолд юун түрүүн мужын боловсролын газарт нь хандаж хүүхдээ гэрээр боловсрол олгох хүсэлт гарган зөвшөөрөл авна, шаардлагатай сургалт, сургалтын материал, гэрийн багш зэргийг өөрсдийн сонголтоор сонгоно. Хамгийн гол нь хичээлийн жилийн төгсгөлд хүүхэд нь шалгалт өгч тус ангийн мэдлэгийг олж авсан гэдгээ баталгаажуулна. Ахлах сургууль төгсөх бол GED буюу ерөнхий боловсролын шалгалт өгч магадлан итгэмжлэгдсэн сертификатаа авна. Ингээд гэрээсээ ахлах сургууль төгсөх боломжтой, гэрээр боловсрол эзэмшсэн байх нь их сургуульд элсэн ороход ямар нэгэн сөрөг нөлөө үзүүлэхгүй. Бүх боломж нь тэгш.
/Зөвхөн гэрээр ерөнхий боловсрол эзэмших талаар тусд нь дэлгэрэнгүй мэдээлэл оруулна./
Ерөнхий боловсролын мэдлэгийг сургуулиар дамжуулан эзэмших тохиолдолд үндсэн гурван төрлийн сургуулиаудаас сонгоно. Үүнд Private school буюу хувийн сургууль, Public school буюу улсын сургууль, Charter school буюу чартер сургууль гэсэн гурван төрлийн сургуулиад багтана.
Хувийн сургууль нь 100 хувь сурагчдын сургалтын төлбөр сурагчдын ар гэрээс нь авч буй татаас, төгсөгчдийн хандив тусламж зэргээр санхүүждэг. Улсаас ямар нэгэн санхүүжилт авдаггүй. Тэр ч утгаараа сургуульд тавигдах шаардлага нь улсын шаардлага хангасан хүүхдэд аюулгүй байр, орчинг бүрдүүлсэн байх, сурагчид нь улсаас гаргасан мэдлэгийн доод түвшинг хангасан байхад л болно. Ямар нэгэн гомдол гарсан тохиолдолд улсаас буюу мужын боловсролын газар, хүүхэд хамгаалах газар зэрэг холбогдох эрх бүхий байгууллагууд гомдлын дагуу шалгалт явуулна. Тэрнээс бусдаар улс оролцохгүй. Хичээлийн хөтөлбөр, сургалтын агууламжийг сургуулийн захиргаа өөрсдөө боловсруулж гаргана. Америкийн хувийн сургуулиудын ихэнх нь сүмийн дэргэдэх сургуулиуд байдаг. Тэгэхээр хичээлийн хөтөлбөрт нь жишээлбэл залбирал, номлолын цаг, библи судлал зэрэг нь тусгайлан орсон байх нь элбэг. Сүмийн дэргэдэх биш хувийн сургуулиуд нь ёстой л нэр хүндтэй, баячуудын хүүхдээ өгдөг сургуулиуд гэж хэлэхэд хэлсдэхгүй. Гэхдээ мэдээж сургууль болгон тодорхой хэмжээний тэтгэлэгт сурагчийн тоотой байдаг. Ямартай ч шууд эцэг эхээс ирж байгаа мөнгөөр санхүүждэг, бие даасан засаглалтай учир, сургалтын чанар, дэг журам өндөртэй, сурагчдаа олгох боломжууд нь хамаагүй олон сонголттой байна.
Улсын сургууль нь харин татвар төлөгчдийн татвараар санхүүждэг. Тэр тусмаа яг тухайн сургуулийн дүүрэгт амьдарч байгаа иргэдийн татваараас шууд санхүүждэг учраас сургуулийн дүүргүүдийн санхүүжилтүүд нь мөнгөн дүнгийн хувьд харилцан адилгүй. Тэр ч утгаараа зөвхөн харъяалалын хүүхдээ л сургуульдаа элсүүлэн авна. Тухайн сургууль дээр ямар нэгэн гомдол гарсан тохиолдолд сургууль нь дүүрэг нь шууд хариуцлага хүлээнэ. Сургалтын хөтөлбөр, сурах бичиг, хичээлийн агууламжийг сургуулийн дүүрэг нь боловсруулдаг.
Чартер сургууль гэдэг нь сүүлийн үед шинээр гарсан сургуулийн систем. Энгийнээр бол улсын сургууль болон хувийн сургууль хоёрын холимог системтэй сургууль гэж ойлгож болно. Сургуулийн санхүүжилт нь мужын татварын орлогоос орж ирдэг учраас улсын сургууль. Гэхдээ мужын бүх иргэдээс ирсэн татварын орлогоос мужаас баталсан чартерын дагуу санхүүжилт авах учраас тогтсон нэг харвъяалалд үйлчлэхгүй. Сургууль нь бие даасан засаглалтай, өөрсдийн хичээлийн агуулга, сургалтын системийг боловсруулдаг. Гэхдээ мужаас баталсан чартерын дагуу чартерт дурдсан дүрэм журмаа биелүүлэх үүрэгтэй. Өөрөөр хэлбэл татварын орлогоор санхүүждэг улсын сургууль боловч хувийн сургууль шиг бие даасан засаглалтай. Тухайн сургууль хэрхэн үйл ажиллагаа явуулах нь мужаас баталсан чартераас хамаараад харилцан адилгүй. Мөн зарим чартер сургуулиуд сурагчдаас сургалтай төлбөр авах боломжтой байдаг, гэхдээ мэдээж хувийн сургуулийн төлбөрөөс хэд дахин бага, мужаас тогтоосон лимитээс хэтэр болохгүй.
Сүүлийн үед нилээдгүй эцэг эхчүүд хүүхдээ улсын сургуульд явуулахаас илүүтэйгээр чартер сургуульд хамруулахыг илүүд үздэг болсон. Энэ нь мэдээж сургалтын чанар, системийн онцлогоос хамааралтай. Жишээ нь улсын сургуульд хүүхэд ажлын 5 өдөр заавал хичээлдээ явах ёстой байхад чартер сургуульд хүүхэд долоо хоногийн 3 өдөр сургууль дээр ирж хичээлдээ суугаад үлдсэн 2 өдөр гэрээрээ суралцах боломжийг олгодог. Дээр дурдсанчлан чартер сургуулиудын тогтолцоо, систем, сурагчдаа олгох боломж нь харилцан адилгүй тул хэрвээ та сонирхож байвал өөрт ойрхон сургуулиудаа судлаад үзээрэй.
Хувийн зүгээс би чартер сургуулийн системийг дэмждэг. Ялангуяа ахлах сургуулийн хүүхдүүдэд боломж, эцэг эхчүүдэд сонголт өгдөг тогтолцоотой гэж хардаг. Жишээ нь манай нөхөр ахлах сургуулийнхаа сүүлийн жилийг чартер сургуульд хамрагдаж төгссөн. Тэдний сургуулийн хувьд төгсөх ангийн сурагчиддаа долоо хоногт нэг удаа 2 цагын хугацаатай сургууль дээр ирж ганцаарчилсан багшаар бүх хичээлээ заалгаж, даалгавараа шалгуулах сургалтын тогтолцоотой. Бусад үед хичээлээ гэрээр бие дааж сурна. Бүх шинэ хичээл, олж авах шаардлагатай мэдээлэл нь онлайн портал дээрээ бэлэн байж байх тул хүүхэд өөрийн дуртай цагтаа, дуртай орчин нөхцөлдөө суралцах боломжтой. Мэдээж зөвхөн л 2 цаг сургууль дээр ирэх боломжтой биш бусад үед мэдээж хүүхэд хүсвэл сургууль дээрээ ирж хичээлээ хийх, номын санд суух, заал бусад нэмэлт үйлчилгээг ашиглах бүрэн боломжтой. Хамгийн гол нь хүүхдэд нээлттэй, заавал ангид 30 гаран хүүхэдтэй суух шаардлагагүй, тэдэнтэй адилхан хурдаар суралцах албагүй, хичээлийг заавал өглөөний цагаар хийсэн гэсэн ойлголт байхгүй зэрэг чөлөөтэй боломжийг олгоно. Тэгэхээр ер нь суугаад сурчихсан, бие даан суралцах чадамжтай хүүхдэд бол маш том боломж. Ингээд манай нөхрийн хувьд $1500 төлбөр төлөөд ахлах сургуулийнхаа сүүлийн хоёр жилийн мэдлэгийг нэг жилийн дотор эзэмшээд эрт төгсөж байсан байх жишээний. 1500 доллар гэдэг бол бараг л монголын хувийн сургуулиудын төлбөртэй үнэ дүйхүйц, зарим нэгээс нь ч бараг хямдхан байх.
Энэхүү 3 төрлийн сургуулиудаас гадна Boarding School гэдэг ойлголт бий. Энэ нь дотуур байртай сургууль буюу сурагчид нь заавал сургууль дээрээ байрлахыг шаарддаг сургуулиуд. Ихэнхдээ хувийн сургуулиад boarding school байдаг.
Comments