top of page
Writer's pictureЦ. Сараа

"DACA" хөтөлбөрийн тухай товчхон



Цагаачлалын бодлогын шинчлэлийн хүрээнд DACA буюу Deferred Action for Childhood Arrivals (Бага насандаа АНУ-д ирсэн иргэдэд зориулсан хөтөлбөр) -ийг Ерөнхийлөгч Обама 2012 оны 6-р сарын 15-нд олон нийтэд зарласанаас хойш 2 сарын дараа АНУ-ын Иргэншил, Цагаачлалын Албанаас тус хөтөлбөрт хамрагдах хүсэлтийг хүлээн авч эхэлсэн.


Энэ хөтөлбөр нь хүүхэд ахуй цагтаа эцэг эхийн хамт хууль бусаар АНУ-д ирсэн залуусыг АНУ-ын нутаг дэвсгэрээс албадан гаргах эрсдлээс хамгаалж, түр оршин суух, суралцах боломж, ажил хийх зөвшөөрлийг 2 жил тутам шинэчилж сунгах нөхцөлтэйгээр олгодог.


2019 оны 12-р сарын байдлаар DACA-г үргэлжлүүлэхийг дэмжиж 143 бизнес аж ахуйн нэгжүүд мэдэгдэл гаргасан байдаг. Cato Institute-ээс хийсэн судалгаагаар DACA-хөтөлбөрийг хүчингүй болгохтой холбогдуулж компаниудад 6.3 биллион америк долларын хохирол учрах бөгөөд энэ нь зөвхөн тэдгээр цагаачдын оронд шинээр ажиллах хүч олох, сургах зэрэг зардлууд гэнэ.


2019 оны 7-р сарын 17-ны өдрийн АНУ-ын Иргэншил Цагаачлалын Албанаас гаргасан мэдээллээс үзэхэд тус Алба нь DACA-д шинээр хамрагдах өргөдөл хүлээн авахаа түр зогсоосон байгаа юм байна. Харин 2018 оны 1-р сарын 9, 2018 оны 2-р сарын 13-нд тус тус гарсан холбооны шүүхийн захирамжуудын дагуу DACA-д өмнө нь хамрагдсан иргэдийн оршин суух эрхийг сунгаж байгаа аж.

Оршин суух эрхгүй, наад зах нь 15 нас хүрсэн бөгөөд дараах шаардлагыг хангаж байвал DACA хөтөлбөрт хамрагдах хүсэлт гаргаж болно. Үүнд:


  1. 2012 оны 6-р сарын 15-ны байдлаар 31 нас хүрээгүй

  2. АНУ-д 16 нас хүрээгүй байхдаа ирсэн

  3. 2007 оны 6-р сарын 15-ны байдлаар АНУ-д тасралтгүй оршин суусан

  4. 2012 оны 6-р сарын 15-нд болон АНУ-ын Иргэншил, Цагаачлалын Албанд DACA-д хамрагдах хүсэлт гаргах үедээ өөрийн биеэр АНУ-д байх

  5. 2012-оны 6-р сарын 15-ны байдлаар хууль ёсоор оршин суух эрхгүй

  6. Сургуульд хамрагдсан, эсвэл ахлах сургууль төгссөн, Ерөнхий боловсрол эзэмшсэн гэрчилгээтэй (GED), АНУ-ын Далай Боомтын Харуул эсвэл Зэвсэгт Хүчний Албыг нэр төртэй хаасан

  7. Эрүүгийн хүнд гэмт хэрэг үйлдээгүй, ноцтой хөнгөн гэмт хэрэг, бусад төрлийн хөнгөн гэмт хэрэгт 2-3 удаа холбогдож байгаагүй, үндэсний болон олон нийтийн аюулгүй байдалд заналхийлээгүй

  8. АНУ-ын Цагаачлалын Албанаас тус улсын нутаг дэвсгэрээс албан ёсоор гарах мэдэгдэл аваагүй, албан ёсоор гаргах шүүх ажиллагаа эхлээгүй байх

  9. АНУ-ын Цагаачлалын Албанаас тус улсын нутаг дэвсгэрээс албан ёсоор гарах мэдэгдлийг эргүүлэн татсан буюу хүчингүй болсон бол


30 views0 comments

Comentarios


bottom of page