2019 оны 11-р сарын 25
Нью Йорк мужийн иргэний нийгмийн идэвхтэн Тарана Бөрк (Tarana Burk)-ийг #MeToo хөдөлгөөний загалмайсан эх гэдэг.
Тарана Бөрк бага насны охидын эсрэг бэлгийн хүчирхийллийг таслан зогсоох кампанит ажил зохиох, бэлгийн дарамтанд өртсөн, өртөх эрсдэл өндөр эмзэг бүлгийн охид эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах иргэний тэмцлийн фронтыг манлайлагч нэгэн.Тэрээр 1973 онд Нью Йорк мужийн Бронкс дүүрэгт бага орлоготой Африкийн америк гаралтай ажилчин гэр бүлд төрсөн бөгөөд жаахан охин байхдаа бэлгийн хүчирхийлэлд удаа дараа өртөж, бага насандаа бие, сэтгэл санааны дааж давшгүй хүнд замыг туулсан гэдэг. Өнөөдөр түүнийг АНУ төдийгүй дэлхийн хэмжээнд “мөс хагалагч” “гэрэл түгээгч” хэмээн хүндлэн тив тивийн охид эмэгтэйчүүд түүний араас зоригжин нэгдсээр байна.
Тэртээ 2006 онд санаандгүй хэлсэн үг нь далайн давалгаа мэт дахин цалгин дэлхийг хамарсан хүчирхэг хөдөлгөөн болно гэж яахийн мэдэх билээ. Түүнийг нийгмийн идэвхтэн болоход ээж нь их нөлөөлсөн гэдэг бөгөөд ээжийнхээ зөвлөсний дагуу иргэний нийгмийн байгууллагад сайн дурын ажил хийж улмаар 2003 онд JustBe Inc. нэртэй төрийн бус байгууллагыг санаачлан байгуулжээ. Тухайн байгууллагын гол зорилго нь Африкийн америк гаралтай охидуудын эрх ашгийг хамгаалах чиглэлээр нийгмийн хандлага, соёлыг өөрчлөхөд дуу хоолойгоо хүргэдэг байж.
Нэгэн арга хэмжээний үеэр бэлгийн дарамтанд өртсөн нэгэн охин өөрийнхөө түүхийг хуваалцсны дараа түүнийг тайвшруулан бас зоригжуулах үгийг хэсэг хайсны эцэст “Чи ганцаараа биш шүү, надад ч бас тохиолдсон” (“You are not alone. This happened to me too”) гэж хэлжээ. CNN-д өгсөн ярилцлагандаа: “Нэг талаас энэ үг нь ‘бид ичих ёсгүй’ гэсэн мэссэжийг нийгэмд тэр тусмаа бэлгийн хохирогчид хүргэх шулуухан мэдэгдэл боловч нөгөө талаас насан туршийн тэмцэгчийн хувьд нөгөө тэмцэгчдээ –‘Би ойлгож байна, Би мэдэрч байна, Бид чиний төлөө бүхнийг хийнэ, Бид хамтдаа тэмцэх ёстой’ гэдгийг ойлгуулан, зоригжуулахыг хүсэж байгаа юм” – гэж хэлсэн байдаг.
Түүний Алабама мужид хийсэн нэгэн арга хэмжээнд 30 гаруй охид оролцжээ. Тэрээр 5 - 6 охид “MeToo” хэмээн нэгдэнэ гэж тооцоолж байтал ярилцлаганы дараа энэ тоо 20 хүртэл ихэссэн байна. Тэр цагаас хойш, Тарана Бөрк АНУ-ын мужуудаар тойрон ажиллаж, хүчирхийлэлд өртсөн охидуудын бяцхан зүрхэнд хурсан үнсийг үргээж итгэлийн галыг ноцоосоор явна.
Эх сурвалж: https://metoomvmt.org/the-inception/
Comments