top of page
Writer's pictureЦ. Сараа

"Real ID" гэж юу вэ?


2019 оны 10-р сарын 1-ний өдөр Үндэсний Аюулгүй Байдлын Яам (DHS)-наас “REAL ID” хуулийн хэрэгжилтийг албан ёсоор сахиулж эхлэхэд яг 1 жил үлдэж байгааг олон нийтэд анхааруулсан ээлжит мэдээлэл хийлээ. Энэ өдрөөс эхлэн REAL ID-гүй зорчигчдыг нисэх буудлын хамгаалалтын бүсээр оруулахгүй улмаар АНУ-ын нутаг дэвсгэрт үйлдэж буй дотоодын нислэгээр аялах боломжгүй болох юм байна.


9/11 Комиссоос гаргасан зөвлөмжийн дагуу мужуудаас олгож буй жолооны болон иргэний үнэмлэх олгоход тавигдах нууцлалын стандардыг үндэсний хэмжээнд жигдрүүлэх, өндөржүүлэх зорилгоор 2005 онд Конгресс REAL ID Хуулийг баталсан. Өндөржүүлсэн нууцлал тэмдэглэгээ бүхий биеийн байцаалтгүй бол дараах обьект руу нэвтрэх болон онгоцоор аялах боломжгүй. Үүнд:

• Холбооны барилга, байгууламж, байгууллагад нэвтрэх, үйлчлүүлэх • Холбооны Нисэхийн Агентлаг (FAA)-аас зохицуулж буй арилжааны онгоцоор нисэх • Цөмийн цахилгаан станцуудад нэвтрэх

REAL ID – г баруун дээд өнцөг дээр байрлах таван хошуу тэмдгээр таньж болно. Үндэсний Аюулгүй Байдлын Яамны төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Кэвин Мэклийнэн (Kevin McAleenan) хэлсэнээр, сүүлийн 2 жилийн хугацаанд энэхүү хуулийн хэрэгжилтийн явц эрчимжиж байгаа бөгөөд 2017 оны 1-р сарын байдлаар дөнгөж 26 муж REAL ID шаардлага хангаж байсан бол одоогийн байдлаар 50 мужийн 47 нь энэхүү хуулийг сахин мөрдөхөд бэлэн болсон байна. Гэсэн хэдий ч нийт Америкчуудын дөнгөж 27% нь хуучин биеийн байцаалтаа үргэлжлүүлэн хэрэглэсээр байгаа учир өнгөрсөн 4-р сараас эхлэн Үндэсний Аюулгүй Байдлын Яам (DHS), Тээврийн Аюулгүй Байдлын Газар (TSA), Автомашин Тээврийн Хэрэгслийн Яам (DMV), орон нутгийн захиргаа, төр болон төрийн бус байгууллагууд хамтран REAL ID шинэ биеийн байцаалтын талаарх мэдээллийг хүртээмжтэй болгох олон арга хэмжээ зохион байгуулж байна.

Хэрэв таны жолооны үнэмлэхний баруун дээд буланд таван хошуу тэмдэг байхгүй бол хугацаа нь дуусаагүй ч гэсэн та шинээр үнэмлэх авах ёстойг сануулж байна. Нэг жил тийм ч урт хугацаа биш учир та бүхэн жолооны үнэмлэхээ цаг алдалгүй солиулж, амралт аялалуудаа эртнээс тайван зохицуулахыг зөвлөе. Ялангуяа 300 сая гаруй хүн амтай өнөр улсад эцсийн мөчийг хүлээснээс урт дараалал үүсэж, эртнээс төлөвлөж байсан бал сарын дурсгалт агшин, хүүхдүүдийнхээ амралтанд зориулсан аялалуудаа цуцлах таагүй байдалд орж болзошгүйг дахин анхааруулж байна.

REAL ID-гээ орон нутгийн Автомашин Тээврийн Хэрэгслийн Газар (DMV)-аас хэрхэн авах болон бусад дэлгэрэнгүй мэдээллийг дараах линкнээс уншина уу.


Эх сурвалжууд: Үндэсний Аюулгүй Байдлын Яам: https://www.dhs.gov/real-id Тээврийн Аюулгүй Байдлын Яам: https://www.tsa.gov/real-id

Comments


bottom of page