WE Mongolia TББ нь 2023-2024 оны хичээлийн жилээс эхлэн "STEM салбарт охидыг дэмжих" тэтгэлэгт хөтөлбөрт оролцогчдын тоог нэмсэн бөгөөд энэ жил МУИС-ийн 3-р түвшний 5, Эмпасофт Технологийн Сургуулийн 1-р түвшний 3 оюутан хөтөлбөрт хамрагдаад байна. Энэхүү хөтөлбөр нь тухайн оюутнуудыг 6 сарын хугацаанд хувь хүний хөгжлийн 100 гаруй цагийн сургалт, арга хэмжээнд хамруулж, өөрийгөө таних, сорих, шинээр бүтээх урам зориг өгөх, бодит туршлага хуримтлуулах ховор боломжийг олгодог. Ижил хүсэл тэмүүлэлтэй үе тэнгийн охидуудтай танилцан багаар ажиллахаас эхлээд англи хэлнийхээ мэдлэгийг дээшлүүлж, салбарынхаа манлайлагч эмэгтэйчүүдийн амжилтын түүхээс суралцан, ганцаарчилсан зөвлөгөө авч мөрөөдлөө биелүүлэх гаргалгааг гаргах зэрэг бодит харилцаа, төсөл дээр суурилсан оюуны хөрөнгө оруулалт юм.
Энэ жилийн хөтөлбөрийн онцлох арга хэмжээний нэг нь Кансат тэмцээн юм. Өнгөрсөн оны сүүлээр бид Монголын Сансрын Технологийн Холбоотой "STEM салбарт охидыг дэмжих" хөтөлбөрийн хүрээнд хамтын ажиллагаа хөгжүүлэх эхлэлийг тавьсан билээ. Үүний үр дүнд хөтөлбөрт хамрагдсан охидууд маань өөр өөр чиглэлээр, өөр өөр түвшинд суралцаж байгаа ч шинэ мэдлэг, ур чадвар эзэмших, өөрсдийгөө сорих нэгэн зорилго дор нэгдэж "Кансат 2024" тэмцээнд оролцох болсон тухай сайхан мэдээг хуваалцахад таатай байна.
Тэмцээний бэлтгэл ажил, чиглүүлэх сургалтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, дан охидын багт маань "бид чадна" гэсэн итгэлийг төрүүлж, зоригжуулсан Т. Төртогтох багш, чиглүүлэгч багшаар томилогдсон Пүрэвхүү нартаа нийт хамт олон, охидынхоо өмнөөс талархал илэрхийлье!
"КАНСАТ" гэж юу вэ?
КАНСАТ” (can – лааз, sat – “satellite” буюу хиймэл дагуул гэсэн үгнээс гаралтай бөгөөд лаазанд багтах хэмжээний хиймэл дагуул гэсэн утгатай.
Сансрын техник технологийг нийгэмд таниулан сурталчлах, оюутан сурагчдын мэдлэг боловсролыг дээшлүүлэх, сансрын технологийг хамтран бүтээж, харилцан суралцах зорилго бүхий “тэмцээнийг олон улс орнуудад оюутан залуусын дунд өргөн зохион байгуулдаг бөгөөд манай улсад энэ тэмцээнийг 2013 онд Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл доор “Хиймэл дагуул-Бидний тэмүүлэл” уриатайгаар анх зохион байгуулж байсан. Тэмцээнд оролцогчид нь хиймэл дагуулын технологи, дэд системүүдийн үүрэг зориулалтын талаар судалгаа хийж мэдлэг чадвараа дээшлүүлэхийн зэрэгцээ, өөрсдийн зохион бүтээж буй системийн даалгаврыг тодорхойлж бичих, загвар гаргах, турших, угсрах, хөөргөн ажиллуулах, мэдээлэл боловсруулах, дээрх ажилбаруудыг нэгтгэн дүгнэлт хийх зэрэг төслийн амьдралын мөчлөг бүрийн үйл явцыг өөрсдөө удирдан биечлэн гүйцэтгэж оролцдогоороо давуу талтай.
Хөтөлбөрийн явцын талаарх мэдээлэл, оролцогчдын сэтгэгдлийг "Оролцогчдын булан"-гаас үргэлжлүүлэн уншихыг урьж байна!
"STEM салбарт охидыг дэмжих" хөтөлбөрийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосноос авна уу: https://www.wemongolia.org/stem-scholarship
Comentários