top of page
Writer's pictureWE Mongolia

STEM тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах шилдэг 5 оюутан тодорлоо

WE Mongolia TББ-гийн 2022-2023 оны хичээлд жилд зохион байгуулах "STEM салбарт суралцах охидыг дэмжих" тэтгэлэгт хөтөлбөрийн сонгон шалгаруулалтыг МУИС-ийн Оюутан, Төгсөгчийн хэлтэстэй хамтран амжилттай зохион байгууллаа. Энэ удаагийн сонгон шалгаруулалтын онцлог нь тэтгэлэгийг сонирхсон оюутнуудын хүрээ тэлж, зөвхөн компьютерийн ухааны чиглэлээр төдийгүй сэтгэл судлал, математик, нягтлан бодох ухаанд суралцаж буй оюутнууд материалаа ирүүлсэн байв.


Сонгон шалгаруулалтын эцсийн шат маш өрсөлдөөнтэй болж, топ 10 оюутнуудтай WE Mongolia TББ-гийн Удирдах зөвлөлийн гишүүд хувь хүний хөгжлийн 5 чиглэлээр цахим ярилцлага хийж 5 шилдэг оюутныг шалгарууллаа. Өөрийн давуу талаа бүрэн ашиглан хүсэл мөрөөдлөө биелүүлж, нийгэмд үнэт зүйлс бүтээх чадвартай манлайлагч оюутан болохоо харуулж чадсан Ө. Агиймаа, А. Гаусар, Г. Цовоо, Э. Танан-эрдэнэ, Ж. Мандалдулам нартаа баяр хүргэе!



STEM тэтгэлэгт хөтөлбөр нь хувь хүний хөгжилд суурилсан 6 сарын хөтөлбөр бөгөөд шалгарсан оюутнуудад тус бүр 1,000,000 төгрөгийн сургалтын тэтгэлэг олгохоос гадна, мастер хичээл, менторшип, Англи хэлний сургалт, охидын манлайлал ба хувь хүний хөгжлийн уулзалт арга хэмжээнүүдэд хамрагдана. Түүнчлэн, МУИС-ийн мэргэжлийн багшийн удирдлаган дор ахлах ангийн охидод зориулсан зуны сургалтанд хичээл зааж, мэргэжлээ таниулах сайн дурын ажлын туршлага хуримтлуулах болно. Хөтөлбөрийн эцэст бүх арга хэмжээнд тасралтгүй оролцсон бөгөөд тодорхой шалгуурыг хангасан оюутнуудад зөөврийн компьютер олгох юм.


Хөтөлбөрт хамрагдах хүсэлтээ ирүүлсэн бүх оюутнуудад баярлалаа!

"STEM салбарт охидыг дэмжих" төслийг дэмжин хамтран ажиллаж буй МУИС, Оюутан Төгсөгчдийн Хэлтэс, Хэрэглээний Шинжлэх Ухаан Инженерчлэлийн сургууль, Сантис Боловсролын Төв, Women in Tech Mongolia, ЭЗОС үндэсний сүлжээний хамт олон, сайн дурын ажилтнууддаа энэ завшааныг ашиглан талархлаа илэрхийлье!





47 views0 comments

Comments


bottom of page