top of page
Writer's pictureЦ. Сараа

АНУ-д орчуулгын үйлчилгээ авах иргэний эрхийн тухай

Updated: Jul 16, 2022



АНУ-ын 1964 оны Иргэний Эрхийн тухай хуулийн VI Бүлгийн заалт нь хувь хүний ялгаварлан гадуурхалтаас ангид байх эрхийг хамгаалсан байдаг.


Энэ хуулийн хэрэгжилтийг сахиулах үүднээс АНУ-ын ерөнхийлөгч Билл Клинтон 2000 оны 8-р сарын 11-нд “Англи хэлний чадвар хязгаарлагдмал иргэдэд үзүүлэх үйлчилгээг сайжруулах” тухай Ерөнхийлөгчийн 13166-р Зарлиг гаргажээ. Энэ хуулийн хүрээнд АНУ-д оршин сууж буй аливаа хуулийн этгээд нь арьс өнгө, гарал үүслээс үл хамааран Холбооны санхүүжилтээр хэрэгжиж буй халамжийн хөтөлбөр, үйл ажиллагаанд LEP хэлний үйлчилгээ аван ижил тэгш хүртээмжтэй хамрагдах боломжтой гэсэн үг юм. Холбооны засгийн газраас 90 гаруй агентлагууд санхүүждэг бөгөөд дээрх Ерөнхийлөгчийн Зарлигийн хэрэгжилт нь тухайн агентлагуудтай шууд болон шууд бусаар (гэрээ, тэтгэлэг г.м) ажилладаг мужийн агентлагууд, төр болон төрийн бус байгууллагууд, хувийн институтууд мөн хамаарагдана.


LEP хэлний үйлчилгээ гэж юу вэ?


“Limited English Proficient” гэдэг нь Англи хэлний чадвар хязгаарлагдмал гэсэн утгатай. LEP хэлний үйлчилгээ нь хэлний түвшин хангалтгүйгээс өөрийгөө бүрэн гүйцэд ойлгуулах чадваргүй, эсвэл буруу ойлголцлоос буруу болон дутуу үйлчилгээ авах, удаан хүлээлтэнд орох, эсвэл шаардлагатай үйлчилгээнд огт хамрагдахгүй байх эрсдэлийг багасгахад зориулсан төрийн санхүүжилттэй орчуулгын үйлчилгээ юм. Тухайн үйлчилгээний онцлогоос хамаарч хэлний үйлчилгээг утсаар, видео болон биечлэн үнэгүй авч болно.


Өдөр тутмын амьдралд түгээмэл хэрэглэдэг LEP хэлний үйлчилгээ үзүүлдэг байгууллага, институтуудыг дурдвал: эмнэлэг, аптек (pharmacy), мужийн болон орон нутгийн нийгмийн халамж, үйлчилгээний газрууд (Social Services Administration), гэр бүл хүүхдүүдэд зориулсан хөтөлбөрүүд, HeadStart хөтөлбөрүүд, сургуулиуд г.м. Түүнчлэн шүүх, цагдаа, даатгалын компаниудтай харилцах шаардлага гарвал орчуулгын үйлчилгээ хүсэх эрхтэй гэдгээ бүү мартаарай. Хэрэв та Англиар хүсэлтээ илэрхийлэх боломжгүй бол доорх холбоос руу ороод аль хэлээр үйлчилгээ авах хүсэлтэй байгаагаа сонгохыг зөвлөе.


https://www.lep.gov/sites/lep/files/media/document/2020-02/crcl-i-speak-booklet.pdf


Эцэст нь хэлэхэд Холбооны Яам, Агентлаг тус бүр өөрсдийн Хүний Эрхийн Албатай бөгөөд хэрэв таньд Иргэний Эрхийн тухай хуулийн VI Бүлгийн дагуу эрхээ эдэлж чадахгүй эсвэл арьс өнгө, хэл соёлоор ялгаварлан гадуурхагдаж байна гэсэн үндэслэл байвал тус Албанд гомдол гаргах эрхтэй. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах линкнээс уншина уу.


Эх сурвалж: https://www.lep.gov/


Kommentare


bottom of page