top of page

АНУ-ын "Electoral College"-ийн тухай

Writer's picture: Ц. СарааЦ. Сараа

Updated: Oct 3, 2022

2020 оны 11-р сарын 3

“Electoral College” буюу Сонгогчийн Коллеж гэдэг нь ямар нэгэн дээд боловсролын байгууллага биш бөгөөд “college” гэсэн үг нь нийтлэг сонирхол, үүрэгт ажлынхаа чиглэлээр нэгдсэн хэсэг бүлэг хүмүүс, нийгэмлэг, хамт олныг илэрхийлсэн Франц гаралтай үг аж.


2016 оны Ерөнхийлөгчийн Сонгуульд Хиллари Клинтон 2.9 сая илүү саналаар Дональд Трампыг ялсан боловч ерөнхийлөгч болж чадаагүй. Учир нь Трамп Сонгогчийн Коллежоос Хилларигаас илүү санал авсан учир АНУ-ын 45 дахь Ерөнхийлөгчөөр сонгогдсон билээ.


Түүхийн хуудсыг сөхвөл...


1787 онд Пеннсилваниа мужийн Филадельфиа хотод хуралдсан Үндсэн Хуулийн Чуулганы үеэр хэлэлцсэн олон асуудлын нэг нь ерөнхийлөгчийн сонгууль байв. Тус Чуулганы төлөөлөөгчдийн нэг хэсэг нь ерөнхийлөгчийг ард түмний саналаар сонгох (popular vote) нь хамгийн ардчилсан арга хэмээн үзэж байсан бол нөгөө хэсэг нь дан ганц ард түмний шууд санал хураалт шударга биш хэмээн эсэргүүцэж байв. Хүн ам ихтэй голдуу мужийн төлөөлөгчид ард түмний шууд санал хураалт явуулах байр суурьтай байсан бол хүн ам цөөн мужийнхан тэгш төлөөллийг шаардаж байв. Учир нь нэр дэвшигчид ард түмний дийлэнх саналыг авахын тулд хүн ам ихтэй хэдхэн том мужуудад кампанит ажлаа төвлөрүүлэх, жижиг мужуудын иргэдийн дуу хоолой, ашиг сонирхол Конгресст хүрэхгүй орхигдохоос болгоомжилж байв. Мэтгэлцээн ширүүсэж төлөөлөгчдийн дунд үүссэн хагарал нь Үндсэн Хуулийн хувь заяаг ч өөрчлөх эрсдлийг бий болгосон тул АНУ-ыг Үндэслэн Байгуулагчид “Great Compromise” буюу “Их Хэлцэл”–ийг санаачилж муж бүрийн тэгш төлөөллийг хангах үүднээс өнөөдрийн Конгрессийн бүтэц болон Сонгогчийн Коллеж системийг баталсан түүхтэй билээ.


Сонгогчийн Коллеж нь 538 төлөөлөгчөөс бүрдэх бөгөөд муж бүр хүн амынхаа тооноос хамааран наад зах нь 3 “elector” буюу мужийг “төлөөлөх сонгогч”-той байна. Одоогийн байдлаар Калифорни хамгийн их хүн амтай (39,512,223) муж бөгөөд 55 “төлөөлөх сонгогчтой” байхад цөөн хүн амтай Bайоминг (578,759) зэрэг мужид 3 “төлөөлөх сонгогчтой” байх жишээтэй.


Сонгогчийн Коллежийн төлөөлөгчид ерөнхийлөгчийн сонгууль болсноос хойш нэг сарын дараа Конгрессын Ордонд цугларан ард түмний сонгуулийн дүнд (popular vote) санал хурааснаар ерөнхийлөгчийн сонгуулийн эцсийн дүн гардаг. АНУ-ын Үндсэн Хуулийн 2-р Бүлэгт улс төрийн намууд “төлөөлөх сонгогч”-ийг томилох тухай заасан байдаг. Өөрөөр хэлбэл, Сонгогчийн Коллежийн 538 төлөөлөгчид өөр өөр намын төлөөллөөс бүрдэнэ гэсэн үг. Энэ нь муж тус бүрийн ард түмний дийлэнх саналд (popular vote) эсрэг үр дүн ч авчрах эгзэгтэй.


2020 оны Ерөнхийлөгчийн Сонгуулийн хувьд Сонгогчийн Коллеж 12-р сарын 14-нд саналаа хураана. 2021 оны 1-р cарын 6-нд Конгресс нэгдсэн хуралдаан хийж Сонгогчийн Коллежийн саналыг тоолсоны дараа "Electoral Vote" буюу Сонгогчийн Коллежийн Санал авсан нэр дэвшигчийн ялалтыг АЛБАН ЁСООР баталгаажуулна. Энэхүү процессын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг доорх холбоосноос уншина уу:



Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч нь Сонгогчийн Коллежоос наад зах нь 270 санал авсан тохиолдолд албан ёсоор ялалт байгуулна. 2016 оны сонгуулийг эргэн санахад, Хиллари Сонгогчийн Коллежоос 232, Трамп 306 санал авсан байдаг.


АНУ-ын түүхэнд ард түмний дийлэнх саналыг аваагүй ч, Сонгогчийн Коллежийн саналаар ялалт байгуулсан 5 Ерөнхийлөгчийг дурдвал: 1876 онд Ратэрфорд Хэйс, 1888 онд Бинжамин Харрисон, 2000 онд Жорж W Буш, 2016 онд Дональд Трамп.


Сонгогчийн Коллежийн талаарх бусад сонирхолтой мэдээллийг доорх холбоосноос уншаарай.


58 views0 comments

Recent Posts

See All

留言


Our partners and supporters

@2019-2025 Women Empowerment Mongolia
All Rights Reserved

bottom of page