top of page
Writer's pictureЦ. Сараа

АНУ-ын “Коронавирустай Тэмцэх Онцгой Байдлын Тусламжийн Багц" эрх зүйн актуудын тойм



COVID-19 цар тахлын аюулын эсрэг тэмцэх, хариу арга хэмжээний хүрээнд АНУ-ын Конгрессоос “Онцгой Байдлын Тусламжийн Багц” эрх зүйн актуудыг боловсруулан, тодорхой үе шаттайгаар хэрэгжүүлж эхлээд байна. Ийнхүү онцгой байдлын үед эдийн засгийг дэмжих бодлогын хүрээнд 3-р сарын 6, 18-ны өдрүүдэд 2 багц хууль тус тус баталсан билээ.


3-р сарын 25 нд шилжих шөнийн 2 цагт Сенатын танхимын лидерүүд Цагаан Ордны хэлэлцээрийн багтай 2 триллион долларын “Coronavirus Aid, Relief, and Economic Security Act” (CARES Act) хуулийн төслийн маргаантай заалтууд дээр харилцан тохиролцоонд хүрлээ. Ажилгүйдлийн халамж, хямралд орсон корпорацуудад тусламж үзүүлэх тухай зарим заалт дээр Сенатын танхимын гишүүдийн дунд саналын зөрүү байсны улмаас бараг 7 хоног хэлэлцсний эцэст ийнхүү тохиролцоонд хүрсэн байна. Сенатын Танхим хуулийн төслийг энэ 7 хоногт багтаан батлах боломжтой гэсэн боловч, Төлөөлөгчдийн Танхимаар батлагдахад ямар хугацаа шаардагдах нь тодорхойгүй байна. Учир нь Төлөөлөгчдийн Танхимын зарим гишүүд орон нутагтаа ажиллаж, мөн хэдэн гишүүд коронавирусын халдвар авсан гэх шалтгаантай гэнэ. Ерөнхийлөгч Трамп энэ хуулийн төслийг шуурхай хэлэлцэхийг Конгрессоос шаардан, төсөл хүлээн авсан өдрөө гарын үсэг зурах болно гэдгээ мэдэгдээд байгаа.


Конгрессын 2 танхим өнөөдрийн тохиролцоонд хүрсэн заалтуудыг өөрчлөхгүйгээр санал нэгтэй баталж чадвал, энэ багц хуулийн дагуу доорх тусламжуудыг хэрэгжүүлнэ.


Гол санаанууд:

  • Гэр бүлийг дэмжих хүрээнд: Жилийн орлого нь $75,000-оос доош хувь хүн $1,200; жилийн орлого нь $150,000-аас доош гэрэлсэн хосууд $2,400; хүүхэд тус бүрд $500 долларын бэлэн мөнгөний тусламж олгох.

  • Жижиг бизнесийг дэмжих хүрээнд: Жижиглэн худалдааны салбарт $350-360 тэрбум доллар хуваарилах; зээлийн хэмжээ, ажилчдын тоо, ажлын байрыг хадгалж буй эсэх зэрэг олон хүчин зүйлсийг харгалзан жижиг бизнесүүдийн зээлд хөнгөлөлт үзүүлэх, зээлийн өрнөөс чөлөөлөх. Тодруулбал, шаардлага хангасан 500-аас доош ажилчидтай компаниуд ажилчдаа цалинжуулах боломж олгох үүднээс 10 сая хүртэлх зээлийн өрнөөс чөлөөлөгдөх; бүтэн цагийн ажилчидтай компаниудад үл хөдлөх хөрөнгийн зээлийн хүү, түрээс, нийтийн үйлчилгээний хураамжийн (эрчим хүч, ус, хог г.м) –төлбөрт санхүүгийн тусламж үзүүлэх г.м

  • Агаарын тээврийг дэмжих хүрээнд: зорчигч тээврийн компаниудад 25 тэрбум долларын зээлийн сан байгуулах; агаарын карго тээврийн компаниудад 4 тэрбум долларын зээл олгох.

  • Том аж үйлдвэрийг дэмжих хүрээнд: Томоохон аж үйлдвэрүүдэд 500 тэрбум долларын зээл олгох.

  • Эмнэлэгүүдийг дэмжих хүрээнд: 100 тэрбум долларын санхүүжилт олгох.

  • Ажилчдыг дэмжих хүрээнд: Цар тахлаас үүссэн хямралын улмаас Холбооны төрийн ажилчид цомхотголд орсон бол 4 сарын бүтэн цалин олгох.

  • “Тахлын үед Ажилгүйдлийн Тусламж Үзүүлэх” тухай түр хөтөлбөрийг 2020 оны 12-р сарын 31-ний өдрийг дуустал хэрэгжүүлэх. Ажилгүйдлийн тэтгэмж, санхүүгийн дэмжлэгийг 4 сарын хугацаагаар сунгах.

  • Татварын Албанаас хувь хүн, өрхийн орлогыг тодорхойлохдоо 2018 оны татвар буцаалтыг ашиглах (хэрэв 2019 оны орлогыг бодуулж амжаагүй бол)

  • Оюутны сургалтын зээлийн төлбөрийг 6 сараар хойшлуулах. Энэ хугацаанд хүү бодохгүй.

  • АНУ-ын Конгресс COVID-19 цар тахлын дэгдэлттэй холбоотой нийтдээ 60 гаруй хуулийн төсөл, эрх зүйн актуудыг боловсруулаад байна. Үүний зарим нь цоо шинэ хуулийн төсөл, зарим нь мөрдөгдөж буй хуулиудад тодотгол хийх, нэмэлт өөрчлөлт оруулах тухай болно.

 

Эхний ээлжинд батлагдаад байгаа “Онцгой Байдлын Тусламжийн Багц” хуулиудын гол заалтуудыг товчлон хүргэж байна:


1) Нэгдүгээр багц: H.R.6074 “Coronavirus Preparedness and Response Supplemental Appropriations Act”


Коронавирустэй тэмцэх бэлэн байдлыг хангах, хариу арга хэмжээ авахад дэмжлэг үзүүлэх тухай энэхүү хуулиар холбооны агентлагууд, тухайлбал Эрүүл Мэнд, Нийгмийн Халамжийн Яам, Гадаад Хэргийн Яам, Жижиг Бизнесийн Зохицуулах Газраас хэрэгжүүлэх цар тахлын эсрэг онцгой байдлын хариу арга хэмжээнд зориулж 8.3 тэрбум долларыг санхүүжилт баталсан.


Хуулийн гол заалтуудыг хураангуйлбал:

  • Medicare хөнгөлттэй даатгалын хөтөлбөрийн хүрээнд гэрээсээ гарах боломжгүй өндөр настангуудад туслах зорилгоор “Теле Эрүүл Мэндийн Үйлчилгээ” (telehealth services) үзүүлэхэд $500 сая орчим;

  • Холбооны, мужийн, орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудаас хэрэгжүүлж буй урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, бэлэн байдлыг хангахад $2.2 тэр бум;

  • Жижиг бизнес, хөдөө аж ахуйн хоршоолол, фермерүүд, ашгийн бус байгууллагуудад дэмжлэг үзүүлэх зорилгоор хөнгөлттэй зээлийн тусламжинд нэг тэрбум доллар;

  • Цар тахлын эсрэг вакцин хийх, судалгааны ажилд 3 тэрбум гаруй долларыг тус тус баталсан.

Энэхүү хуулийн бүрэн эхийг доорх линкнээс уншина уу: https://www.congress.gov/116/plaws/publ123/PLAW-116publ123.pdf


Хуулийн төсөл танилцуулсан өдөр: 3-р сарын 4

Төлөөлөгчдийн Танхимаар батлагдсан өдөр: 3-р сарын 4

Сенатын Танхимаар батлагдсан өдөр: 3-р сарын 5

Ерөнхийлөгч гарын үсэг зурсан өдөр: 3-р сарын 6

 

2) Хоёр дахь багц: H.R.6201“Families First Coronavirus Response Act


100 тэрбум долларын “Гэр Бүл Нэгдүгээрт” хуулийн гол заалтуудыг хураангуйлбал:

  • Даатгалд хамрагдсан эсэхээс үл хамааран COVID-19 вирусын тэстийг бүх хүмүүсд үнэгүй хийх.

  • ·500 –аас доош ажилчидтай компаниудын ажилчдад онцгой байдлын үед 2 долоо хоногийн цалинтай чөлөө олгох. Ойролцоогоор 87 сая ажилчдыг хамарна.

  • Холбооны санхүүжилттэй хоол хүнс, нэмэлт тэжээлийн нийгмийн халамжийн хөтөлбөрүүдэд нэг тэрбум гаруй долларыг хуваарилах.

  • Мужуудын ЗГ-аас ажилгүйдлийн даатгалын зардалд нэг тэрбум орчим долларын санхүүжилт хийх.

Энэхүү хуулийн бүрэн эхийг доорх линкнээс уншина уу: https://www.congress.gov/116/bills/hr6201/BILLS-116hr6201enr.pdf


Хуулийн төсөл танилцуулсан өдөр: 3-р сарын 11

Төлөөлөгчдийн Танхимаар батлагдсан өдөр: 3-р сарын 14

Сенатын Танхимаар батлагдсан өдөр: 3-р сарын 18

Ерөнхийлөгч гарын үсэг зурсан өдөр: 3-р сарын 18


Эх сурвалжууд:

www.congress.gov

0 views0 comments

Comments


bottom of page