WE Mongolia Recognizes Its First Virtual Intern who completed 160-hr internship amid COVID-19
Аливаа оюутан сургуулиа төгсөөд ажлын гараагаа эхлэхэд эзэмшсэн мэдлэгээс гадна тухайн ажлын байранд шаардагдах ур чадвартай, багаар ажиллах туршлагатай байх нь мөрөөдөж буй мэргэжлийнхээ ажилд ороход нөлөөлөхүйц давуу тал болдог билээ. Ийнхүү давуу талыг эзэмших, өөртөө итгэлтэй болох эхний боломж нь оюутан цагийн дадлагын ажил. Гэвч сүүлийн 2 жилийн хугацаанд КОВИД-19 цар тахлын улмаас олон байгууллага, аж ахуйн нэгжүүд цомхотгол хийж, дэлхий бүхэлдээ цахим горимд шилжсэн билээ. Энэ нь оюутнуудад биеэр дадлага хийх боломжийг хумьсан хэдий ч хүмүүсийг онлайнаар суралцах, ажиллах, бизнес эрхлэх цоо шинэ хэвшлийг нээж өгсөн юм.
Улаанбаатар хотын ЭАЮДС-ийн оюутан Ц. Алтанзул КОВИД-19 цар тахлын ид дэгдэлтийн үед тогтоосон хөл хорионы цагийг өөрийгөө хөгжүүлэх боломж болгон ашиглаж нийт 160 цагийн онлайн дадлага хийсэн юм. Тэрээр англи хэл эхлэн суралцаж буй хүүхэд залуучууддаа зориулан өөрийн сурсан мэдлэгээ оюутныхаа ширээнээс хуваалцан 4 цуврал бүхий "Англи Хэлний Үйл Үгийн Цагууд" багц сургалтын видео материал бэлдэж, мөн АНУ-ын анхны эмэгтэй Дэд Ерөнхийлөгч Камала Харрис, "НАСА"-гийн анхны гэх тодотголтой "амьд компьютер" хэмээн түүхэнд мөнхөрсөн математикч эмэгтэй Кэтрин Жонсоны тухай сонирхолтой намтрыг судлан орчуулсан билээ. Түүний бэлтгэсэн сургалтын материал нь Англи хэлийг бие даан, үнэгүй суралцах олон боломжуудын нэгэн чухал эх сурвалж болно гэдэгт итгэлтэй байна.
Манай байгууллагын анхны виртуал дадлагын оюутан Алтанзулдаа маш их баярлалаа, цаашдын сурлага хөдөлмөр, эрдмийн их аянд улам их амжилт хүсье!
WE Mongolia ТББ-ын хамт олноос
Komentarze