top of page
Writer's pictureWE Mongolia

Гар урлал хувь хүний хөгжилд яагаад чухал вэ?

2023-2024 оны "STEM салбарт охидыг дэмжих" хөтөлбөрийн хугацаанд оролцогчид маань хувь хүний хөгжлийн 100 цагийн арга хэмжээ, сургалтанд хамрагдаж байгаа билээ.

Өнөөдөр STEM охид урлагаар дамжуулан баг бүрдүүлэх чөлөөт арга хэмжээнд амжилттай оролцлоо. Хөтөлбөрийн хугацаанд энэхүү арга хэмжээг 2 удаа зохиох бөгөөд энэ удаа бид охидын хүсэлтээр шавар эдлэл хийлээ. Энэхүү чөлөөт арга хэмжээний зорилго нь урлагаар дамжуулан багийн гишүүдээ ойлгох, дотносох, аливаа асуудалд шинэлэг санаа шийдлийг олох бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх юм.

Гар урлал тайвшрал, урлаг гоо зүйн таатай мэдрэмжийг төрүүлэхээс гадна  үгээр илэрхийлж чадаагүй хувь хүний дотоод ертөнцийг ойлгоход ач тустай учир баг бүрдүүлэх арга хэмжээнд түгээмэл хэрэглэдэг сонгодог арга юм.

Хүмүүс стрэссгүй, тайван байх үедээ үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж, бусадтай эерэг, бүтээлчээр харилцах хандлагатай байдаг. Бодол санаа цэгцэрсэн тайван үед бид өдөр тутмын амьдрал, юмс үзэгдлийн уялдаа холбоог илүү сайн ойлгож, шинэ санаа, зохистой шийдэлд хүрч чаддаг гайхамшгийг олон эрдэмтэд судалгаагаар нэгэнт нотолсон байдаг. Сэтгэлийг тайвшруулах олон дасгал, арга, техникүүдийн дотроос гар урлалаар хичээллэх нь аливааг шинэ нүдээр харж, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлдгээрээ онцлогтой. Ялангуяа зураг зурах, юм нэхэх, хатгамал үйлдэх, шавар, баримал эдлэл хийх, гоёл чимэглэл урлах зэрэг давтагдах үйлдлүүд нь анхаарлыг төвлөрүүлж бясалгал хийсэнтэй дүйцэхүйц сэтгэлийг тайвшруулахаас гадна оюун санааны эерэг энергийг эрчимжүүлж, гоо зүйн цоо шинэ мэдрэмжийг цэнэглэж чаддагаараа давуу талтай юм.


STEM охид маань энэхүү арга хэмжээнд оролцсноор өөрийнхөө болон багийн гишүүдийнхээ дотоод ертөнцтэй танилцсан гайхалтай мөч байсныг онцлон тэмдэглэж, дараах зүйлсийг илүү ойлгон, таатай мэдрэмж төрснөө хуваалцаж байв:

  • өөртөө заавал цаг гаргаж, алжаалаа үр бүтээлтэй, зөв тайлах

  • өдөр тутмын нэгэн хэвийн амьдралаас өөрийгөө чөлөөлж, тэс өөр орчинд өөрийгөө сорих - хайрцагнаас гарах

  • аливаа зүйлийг "хол санагдаж байна" гэж орхихгүйгээр “оролдоод үзэх”

  • өөрийгөө голохгүй, айдсаа давах

66 views0 comments

Comments


bottom of page